Sunday, 27 May 2012

Гаалийн улсын байцаагч нарын цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломж байна



Гаальчдын холбооны зүгээс гаалийн улсын байцаагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх талаар УИХ, Засгийн газрын гишүүдэд “Ил захидал” бичиж түүндээ гаалийн байгуулагад ажиллагсдын нийгмийн баталгаа, цалин хөлс, урамшууллын тогтолцооны тусгай сүлжээг мөрдөх талаар хүсэлт тавьж байсан боловч тухайн үеийн Монгол Улсын шадар сайд М.Энхболд гуай, энэ асуудлыг УГЕГ-ын даргын эрх хэмжээний хүрээнд шийдэхийг хүсье гэсэн утгатай  албан бичгийг УГЕГ-ын даргын нэр дээр явуулж байсан билээ.  

2011 оны 1 дүгээр сарын 24-нд “Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн” дээр УГЕГ-н даргын  тавьсан “Гаалийн байгууллагын сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд хийх дүгнэлт, цаашид (2011 онд) тавих зорилт” илтгэлд “Цаашдаа цалингийн нэмэгдэл олгохоос илүүтэй итгэл хүлээлгэх найдвар албан тушаал дээшлүүлэх гол үндэслэл болгон авч үзвэл зохистой” гэсэн нь гаалийн улсын байцаагч нар мэргэжлийн түвшин тогтоох шалгалтаа хэдий сайн өгсөн ч, ямар ч сайн ажилласан байгаад зөвхөн албан тушаал дээшлээгүй тохиолдолд юунд ч хүрэхгүй, цалин хөлсөө нэмэгдүүлж, нийгмийн асуудлаа шийдэх өөр боломж байхгүй бөгөөд удирдлагын зүгээс тийм гарц хайхгүй нь ээ гэж ойлгогдож байна. /Жич: УГЕГ-н даргын  2012 оны илтгэлд ГУБ нарын нийгмийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдаагүй тул энэ илтгэлээс иш татах зүйл байхгүй байлаа./ 

Гэтэл байцаагч бүр хөдөлмөрийн чадвартай байгаа ид үедээ өөрсдийнхөө болон үр хүүхдүүдийнхээ, одоогийн болоод ирээдүйн амьдралдаа тансагаа байг гэхэд хэвийн сайхан байхын төлөө л зүтгэж, дээшээ харж үг хэлэх нь байтугай даргатайгаа нүүр тулахаас ч эмээн шогшиж явцгаадаг нь туйлын үнэн билээ. Тэднээс дарга больё гээд дээгүүр доогуур хөөцөлдөөд явдаг нь үзээд өгье гэсэн ч цөөхөн байдаг бөгөөд сайн ажилласан хүн болгоныг дэвшүүлээд байх даргын албан тушаал ч тоотой цөөн нь бас үнэн юм.

Хэдийгээр төр, засгаас төрийн байгууллагад ажиллагсдын цалинг удаа дараа нэмэгдүүлсээр ирсэн ч нийтээр хавтгайруулсан энэ нэмэлт нь инфляцийг хөөрөгдөн, өргөн хэрэглээний барааны үнийг тэнгэрт хадааж ГУБ нарын амьдралд бодитой өөрчлөлт авчирч чадсангүй.          

Тиймээс дээрх илтгэлд /2011/ дурьдсанчлан “Хамтдаа нэгдэх нь эхлэл, хамтдаа байсаар байх нь прогресс, хамтдаа ажиллах нь амжилтын үндэс юм” гэж үзээд нийт гаалийн улсын байцаагч нарын цалинг нэмэгдүүлэхэд одоогийн мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд шийдэх гарц, боломж байгаа эсэх талаар энгийн судалгаа хийж үр дүнг нь УГЕГ-ын удирдлага болон нийт ГУБ гартаа хүргэхийг зорилоо.  

Үр дүнд нь гаалийн улсын байцаагч нарын цалинг 15%-25% хүртэл нэмэгдүүлэх боломж байгаа нь харагдсан бөгөөд үүнийг Гаалийн тухай хуулийн:

281 дүгээр зүйл. Гаалийн улсын байцаагчийн цол

281.1. Гаалийн улсын байцаагчид дараахь цол олгож болно:
281.1.1.гаалийн жинхэнэ зөвлөх;
281.1.2.гаалийн итгэмжит зөвлөх;
281.1.3.гаалийн зөвлөх.

281.2. Гаалийн улсын байцаагчид цол, түүний нэмэгдэл олгох журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
гэсэн заалтуудыг үндэслэн УГЕГ-н даргын эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжтой гэж үзэж байна.

Гагцхүү Гаалийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэж гаргасан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 640-р тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчид цол олгох журам”-д өөрчлөлт оруулж, гаалийн улсын байцаагчид олгох цолыг дараах байдлаар шат дараалуулан олгож байхаар тусгах нь зохимжтой гэж үзэж байна. Үүнд: 

Гаалийн байгууллагад:
-       3 жил үр бүтээлтэй ажилласан гаалийн улсын байцаагчид гаалийн зөвлөх цол,
-       5 жил үр бүтээлтэй ажилласан гаалийн улсын байцаагчид гаалийн итгэмжит зөвлөх цол,
-       7 жил үр бүтээлтэй ажилласан гаалийн улсын байцаагчид гаалийн жинхэнэ зөвлөх цолыг

тус тус шууд олгож байхаар тусгавал энгэр дээр гялалзах тэмдэг гэхээсээ илүүтэйгээр  цолны нэмэгдэл нь байцаагч нарын ахуй амьдралд багагүй дэмжлэг болохоос гадна ажиллах урам зориг нэмэгдэх, санаачлагатай байх, хийсэн бүтээсэн ажлынхаа үр шимийг ийм хугацаанд, ингэж хүртэнэ гэсэн бодитой итгэл үнэмшилтэй болж, ажилдаа алдаа дутагдал гаргахгүй байхыг улам бүр чармайн, хичээж ажиллах, байцаагч нэг бүрийн хөдөлмөрийн бүтээмж, ажлын чанарын түвшин нэмэгдэх, цаашлаад гаалийн байгууллагын төрийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэл сайжрах, нийгмийн хүрээнд нэр хүнд нь өсөх гэх мэт ач холбогдол ихтэй юм.

Угтаа гаалийн улсын байцаагчид олгох цол нь ГУБ нарын гаалийн байгуулагад хийсэн бүтээсэн ажлын үнэлгээ, нөгөө талаар эдийн засгийн хувьд бусдын нөлөөнд автах,  эрсдэлээс хамгаалах бодит хөшүүрэг болох ёстой атал одоогийн энэ тогтолцоогоор бол тухайн байцаагч хийсэн бүтээлтэй, бүтэлгүйг нь үл харгалзан дарга хүсвэл “Гаалийн зөвлөх”, “Гаалийн итгэмжит зөвлөх” цолоор шагнадаг, заримд нь тохуу хийж байгаа юм шиг тэтгэвэрт гарахынх нь өмнө өгдөг, бүр өгөөгүй нь ч бас олон байна. “Гаалийн тухай” хуулийн 273.3 -т “Гаалийн удирдах төв байгууллагын дарга Монгол Улсын гаалийн ерөнхий байцаагч байна.” гэснийг Гаалийн удирдах төв байгууллагын дарга нь бас “гаалийн жинхэнэ зөвлөх” заавал байна гэж "ойлгоод" энэ цолоор Улсын гаалийн ерөнхий газрын дарга болсон хүн нь гагц өөрийгөө шагнаж цалингаа нэмдэг тийм л нэг сонин жишиг тогтсоныг үе үеийн удирдлагууд анзаарахгүй, магадгүй анзаарахыг ч хүсэхгүй байгаа юмуу гэмээр байдгийг нуух юун. /“Гаалийн улсын байцаагчид цол олгох журам”. 1.2. Гаалийн улсын байцаагчид цол олгох асуудлыг Улсын гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж даргын тушаалаар олгоно./

Мөн  гаалийн улсын байцаагчид цол олгохдоо одоогийн гурван шатлалт гаалийн зөвлөх цолны эрэмбэнд баригдалгүйгээр илүү олон шатлалтай болгож цолны нэрийг өөрчлөх, ажилласан жил тутамд нь цол ахиулдаг болгоход  ч болохгүй зүйлгүй бөгөөд ажилдаа онцгой амжилт гаргасан бол ээлжит цол олгох хугацааг нэг жилээр урагшлуулах, алдаа дутагдал гаргасан тохиолдолд нэг жилээр ухраах зэрэг хариуцлага, урамшууллын тогтолцоог мөрддөг болох асуудлыг УГЕГ-аас санаачлан “Гаалийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. 

Улсынхаа эдийн засгийн болон нийгмийн аюулгүй байдлыг хангахад онцгой чиг үүрэг гүйцэтгэдэгээрээ аль ч орны гаалийн улсын байцаагч нар адил гэдэг утгаар нь бусад улсын гаалийн байгууллагын ажилтнууд цол, зэрэг хэрэглэдэг жишгийг бас харгалзах л хэрэгтэй.  

 “Гаальчдын холбоо”-ны УЗД С.Батдамба

Sunday, 1 January 2012

Нийт гаальчиддаа шинэ оны мэнд хүргэе.

          Эрхэм ГУБ та бүхэндээ шинэ ондоо гэгээн хүсэл тэмүүлэлээр өөдрөг бүхнийг хүсэн мөрөөдөж, халуун дулаан сэтгэлээр бие биедээ хандаж, эерэг энерги түгээн, тайван амгалан, найрсаг сайхан амьдрахыг хүсэн ерөөж байна. 
Өөрийнхөө болон хамтран ажиллагсдынхаа, үйлчлүүлэгчдийнхээ, бүх монгол түмнийхээ сайн сайхны төлөө, өөрийнхөө итгэж, сүслэн дээдэлдэг тэр ариун нандин шүтээндээ залбираарай.  
Юу тарина түүнийхээ үр шимийг хүртдэг гэдэгчлэн бусдад  хандсан сайхан хандлага өөрт чинь мөн эргээд ирнэ гэдэгт итгээрэй. Сайхан зүйлийн тухай үргэлж бодоорой. Өөрийгөө сайн энергиэр хүрээлүүлэн түүнээсээ өөрөө гэрэлтэж бусдад бамбар болон гэрэлтэж явахыг хүсье. Өвлийн өвгөнд итгэж болох ч өөртөө итгэвэл илүү дээр гэдэг шүү дээ. 
                                                        
                                                            ГААЛЬЧДЫН ХОЛБОО

Friday, 18 March 2011

Баярын мэнд хүргэе

Эх орон, элэг нэгт монгол түмнийхээ аюулгүй байдлын төлөө онцгой үүрэг гүйцэтгэдэг 
Эрхэм гаальчиддаа  мөрдөстэй бүхний баяр, монгол цэргийн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Saturday, 12 March 2011

МОНГОЛ КИРИЛЛ ЦАГААН ТОЛГОЙН ҮСГИЙГ ЛАТИН ҮСЭГТ ХӨРВҮҮЛЭХ НЬ

Орчин үед компьютер, гар утас гэх мэт латин үсэгт суурилсан электрон төхөөрөмжүүд хэрэглээнд орж ирснээр монгол хэлээр латин үсгээр бичих шаардлага аяндаа бий болж бараг хүн бүр л өөр өөрсдийнхөөрөө хөрвүүлэн бичиж түүнийг нь зарим нь хүчээр уншиж ойлгож байна.
Иймд англиар болон латин үсэгт суурилсан бусад бичгээр уншдаг гадаадын хүмүүс монголоор зөв унших, монголчууд латин үсгээр мөн зөв уншихад аль алинд нь тустайг бодолцон уламжлалт монгол бичгийн бичлэгийг үндэслэн монгол крилл үсгийн цагаан толгойг латин галигт доорх хувилбараар хөрвүүлбэл зохистой мэт байна.

1. Аа Aa
2. Бб Bb
3. Вв Vv
4. Гг Gg
5. Дд Dd
6. Ее Ye
7. Ёё Yo
8. Жж Jj
9. Зз Zz
10. Ии Ii
11. Йй Ii
12. Кк Kk
13. Лл Ll
14. Мм Mm
15. Нн Nn
16. Оо Oo
17. Өө Oo
18. Пп Pp
19. Рр Rr
20. Сс Ss
21. Тт Tt
22. Уу Uu
23. Үү Uu
24. Фф Ff
25. Хх Kh kh
26. Цц Ts ts
27. Чч Ch ch
28. Шш Sh sh
29. Щщ Shch shch
30. Ьь Ii
31. Ыы Yy
32. Ъъ Ii
33. Ээ Ee
34. Юю Yu yu
35. Яя Ya ya

Жишээ:
Адъяа морь унаж уулын оройд гарсныг Юндэн, Янжмаа Одхүү нарт битгий хэлээрэй гэж Егорт захисан.
Adiya mori unaj uulyn oroid garsnyg Yunden, Yanjmaa, Odkhuu nart bitgii kheleerei gej Yegort zakhisan.

Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг улсын их хурлын хуралдааны танхимд цуглуул гэв.
Yaamdyn turiin nariin bichgiin darga naryg ulsyn ikh khurlyn khuraldaany tankhimd tsugluul gev.
--- Тэгэхээр: Яв, яав, соёл, соёол, юүлүүр, явахыг гэдэг үгсийг
yav, yaav, soyol, soyool, yuuluur, yavakhyg гэж бичвэл монголоор зөв уншигдах нь.

С.Батдамба